Ìýäýýëýë

               Èòãýë õàìáûí òóõàé
2002 оны есдүгээр сарын 10-нд эрдэнэт гэгээн Итгэл хамба эргэж морилсон цагаас хойш бид энэ хамбын ариун лагшин, урьд өмнөх төрлүүд, тэдгээрийн аж төрж байсан цаг хугацааны тухай архивын судлагдахуун эрэлхийлэх ажилд маш их цаг  зарцуулж байгаа. Маш олон эрдэмтэн судлаач бидэнд энэхүү мөнх лагшинг судлах санал тавьдаг учраас 2004 онд бид эрдэнэт ариун лагшинг судалж  хоёр дахь удаагаа шинжилгээ хийх зөвшөөрлийг Оросын Эрүүлийг Хамгаалах Яамны Шүүн магадлах эмнэлгийн судалгааны төвд олгосон юм. Москва хотоос тус төвийн мэргэжилтэн, нэрт эрдэмтэн Виктор Николаевич Звягин Улаан-Үдэд ирээд эрдэнэт мөнх лагшинг нягтлан үзэж бичлэг хийсний дараа зарим нэг эд эсийн шинжилгээ хийхээр Москвад аваачих зөвшөөрөл хүссэн. БОБШДХ-ны тэргүүн, хамба лам Дамба Аюшеев Итгэл хамбын тэргүүнээс унасан дөрвөн ширхэг үс, биеэс нь гуужсан дөрвөн грамм арьс, баруун хөлийнх нь хоёр дахь хуруунаас дөрвөн грамм хумс авч эд эсийн шинжилгээ хийх зөвшөөрөл олгосон бөгөөд хамбын үс нэгэнт унасан, арьс нь гуужсан байсан, харин хөлийнх нь хумсыг В.Н.Звягин доктор өөрөө хайчилж аваад шинжилгээнд өгсөн юм.   Москвад аваачаад  энэ эд эсийг шинжлэхдээ нэл ягаан буюу доод ягаан туяаны задлагаар шинжилж гарсан үр дүнг үзэхэд нийт хүн төрөлхтөн, эрдэмтэн судлаачдыг цочроосон ер бусын содон үр дүн гарсан билээ. Итгэл хамбын энэ ариун мөнх лагшингаас авсан эд эсийн судалгааны үр дүн амьд биеэс авсан эд эсийн шинжилгээний дүнтэй адилхан гарсан нь бүгдийг гайхалд оруулсан юм. Энэ мэдээлэл дэлхий даяар тарж олныг гайхуулахын зэрэгцээ Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас тухайн мэдээллийг олон нийтэд түгээх үүргийг бидэнд өгсөн.

Энэ удаагийн судалгаа нь эрдэнэт мөнх лагшинт Итгэл хамба газар дор 75 жил, газар доороос гаргаж ирээд хоёр жил судалсан боловч анхны шинжилгээний үзүүлэлт нь түүнээс хоёр жилийн дараа гарч ирсэн үзүүлэлттэй яв цав нийлж байсан төдийгүй бүхэлдээ амьд хүний биеэс авсан эд эсийн шинжилгээтэй тохирч байсан нь олон нийтийг шагшин гайхахад хүргэсэн билээ. Оросын эрдэмтэд энэ үр дүнд гайхаж аргаа барахдаа дэмий л гараа саваад орчин үеийн шинжлэх ухаан ийнхүү амьд эд эстэй адилхан үзүүлэлт гарч ирэх үзэгдлийг  тайлбарлах чадваргүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Харин БОБШДХ-ны тэргүүн, 24-р хамба лам Дамба Аюшеев хамгийн энгийн эд эсийн шинжилгээг тайлбарлаж чадахгүй байгаа эрдэмтэд цаашдын судалгаа шинжилгээний нарийн ширийн зүйлийг яахин тайлж чадах билээ гээд  хамбын ариун лагшинг дахиж оролдолгүй энэ хэвээр нь байлгая гэдэг шийдвэр гаргаж бидэнд зохих үүрэг өгсөн. Ингээд хамба лам Дамба Аюшеев эрдэнэт ариун лагшинг бурхны шашинт нийт сүсэгтэн олонд шүтээн болгон мөргөл үйлдүүлж байхаар лүндэн буулгасан нь уламжлалт заншил ёсоор  наран ивээлтэй өдрүүдэд (Дашнямтай өдрүүдэд) жипд найман удаа тохиодог өдрүүд юм. Ийнхүү 2004 онд БОБШДХ-ны шийдвэрээр Итгэл хамбын эрдэнэт ариун лагшинг Буриад зоны ариун шүтээн хэмээн нийтээр хүлээн зөвшөөрсөн билээ.

2005 оны гуравдугаар сард Иволгийн дацангийн ном судар дотроос Итгэл хамбын урд төрлийнх нь 12 үеийн намтрыг бичсэн судар олдсон. Өөрөөр хэлбэл,  хамбын өмнөх амьдралын тав нь Энэтхэгт, тав нь Түвдэд, сүүлийн хоёр нь Буриадад хувилан төрснийг  батлах судар олдсон юм. Эхний хувилан төрсөн бие нь бурхан Буддагаас өмнө Кашьяп хамбын үед буюу, өөрөөр хэлбэл, III бурхан багшийн үед аж төрж байсан гэж нотлогдсон. Харин хоёр дахь улаагаа хувилан төрсөн нь бурхан Будда Шагжимуны үед Энэтхэгт аж төрж байсан байна. Будда Шагжимуны дэргэд аж төрж байх үедээ тэрбээр Лицва хамба гэдэг нэртэй байсан бөгөөд бурхны гэгээн сургаал тархаагүй газар бүрт ариун гэгээн сургаалийг нь түгээнэ гэсэн андгай тангараг бурхан багшдаа өргөсөн аж. Одоо манай хүрээлэн Итгэл хамбын бүх хувилгаан дүр, намтрыг нь судалж тодруулах зорилго тавин ажиллаж байна. Өнгөрсөн 2008 он болон энэ онд бид Энэтхэг, Балба оронд очиж эрдэнэт гэгээн хамбын урд төрлүүдийнх нь намтрыг тодруулахаар хоёр удаа хайгуулын экспедиц зохион байгуулсан. Энэ хоёр удаагийн судалгааны ажлын үр дүнд  баттай хоёр баримт олдсоны нэг нь  хоёр дахь  удаагийн хувилгаан төрлийнхөө үед буюу бурхан Будда Шагжимуны үед аж төрж байсан Лицва Сэнгэд зориулан босгосон суварга Бодьгаяад байгааг олж тогтоосон юм.

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн анхны их сургууль гэж нэрлэгддэг Энэтхэгийн Наландарын их сургуулийн 5:10 км-ийн өргөн талбай бүхий туурийн дунд  Итгэл хамбын VI хувилгаан дүр болох Дармабалд зориулсан бичиг хадан дээр сийлээстэй байгааг бид бас аяллынхаа үеэр олсон юм. Судалгааныхаа явцад бидний тавьсан бас нэг зорилго бол Бурхан Шагжимуны ариун гэгээн дурсгалт газруудыг тодруулах, тэдгээрийг зураглан авч Буриадын сүсэгтэн олонд танилцуулах явдал байлаа.Мөн 1901 оноос эхлэн Буриадад залан шүтэж буй Занданзуу бурхны уг гарлыг  Энэтхэг орноос тодруулах зорилго ч давхар тавьж байгаа. Занданзуу бурхан өнөөгийн бидний тооллын III мянганы өмнө үед Бодьгаяад залагдаж байсан гэдгийг бид олж тогтоосон. Үүний дараа манайхны Сулхарнай гэж нэрлэдэг Македоны Александр уг шүтээнийг Бактерей улс буюу одоогийн Афганистаны нутагт аваачиж залсан байна. Улмаар тэндээсээ Түвдэд, Түвдээс Хятадад авчирсны дараа 1901 онд Буриадад аваачиж залсан юм.  Энэхүү Занданзуу бурхан хаана байх ёстой вэ гэвэл бурхны шашин шинээр түгэн дэлгэрч буй газруудад байх учиртай тул манай буриад нутагт Занданзуу бурхан залаастай байгаа нь энд Итгэл хамбын гэгээн лагшинг шүтэж, бурхны шашин дахин дэлгэрч байгаатай холбоотой гэж үздэг.  Эрдэнэт лагшинг шүтээн болгосон өнгөрсөн долоон жилийн дотор манай хамбын 12 дүрийн төрсөн газар болгонд бурхны шашинтны уламжлал ёсоор суварга босгосон. Үүнд БОБШДХ-ноос маш их чармайлт гаргаж судлан тогтоосон байгаа. Хамгийн түрүүнд залагдаж байсан их хамба Дамбадаржа Заяевын төрсөн газрыг олж  тогтоосон, тэр нь өнөөгийн манай шүтээн 12-р хамба ламын хамгийн анхны дүр нь юм.  Түүнээс гадна бид Итгэл хамбын төрсөн газрыг ч олж тогтоосон байгаа.
2007 онд манай хүрээлэнгээс Итгэл хамбын гайхамшигт ариун лагшинг судлах олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан. Уг хурлын зорилго нь бурхны шашинтан судлаач нар болон нийгмийн ухааны эрдэмтдийн хүчээр эрдэнэт ариун лагшинг нийтээр хүлээн зөвшөөрч тайлбарлах явдал байлаа.
2009 онд бид хоёр дахь удаагаа олон улсын эрдэм шинжилгээний хурал хийсэн бөгөөд  энэ удаагийн эрдэмдтийн чуулганаар хүн төрөлхтний оюуны хөгжлийн цаашдын үе шат энэхүү Итгэл хамбын ариун гэгээн лагшинг судлах, түүний ид шидийн чадварыг эзэмшихэд оршиж энэ чиглэлээр хөгжих болно гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм. Энэ хуралд Монголоос Д.Чойжамц хамба оролцсон. Хамгийн гайхамшигтай нь, энэ 2009 оны зургадугаар сарын 26-ны 18 цагт Монголын бурхны шашны тэргүүн хамба Д.Чойжамц, Бүх Оросын Бурхны Шашинтны Дээд  Холбооны тэргүүн хамба Дамба Аюушеев, Далай ламын дэргэдэх хийдийн тэргүүн хамба, хансур Жадоо Ринбүүчий гурвуулаа эрдэнэт лагшны биеийн дулааныг хэмжиж үзэхэд 34 градус байсан юм. Энэ мэдээллийг эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт эрдэмтдэд хүргэхэд бүгдээрээ үнэхээр гайхан биширч байлаа.
Өнгөрсөн долоон жилийн хугацаанд бид Монголын анд нөхөдтэйгөө, түүний дотор Монголын Психотроникийн хүрээлэн болон “Ариусахуй, Бясалгахуй” сонины газартай нягт хамтран ажиллаж энэ хоёр байгууллагаар дамжуулан бүх мэдээллийг Монголын олон нийтэд хүргэж байлаа.
Бид энэ хугацаанд архивын баримт материал судалж байх явцдаа манай Итгэл хамба Олноо Өргөгдсөн Монгол Улсын Гадаад Яамны сайд, Эрдэнэ Дайчин Чин Ван М.Ханддоржтой халуун дотно танил байсан гэдгийг мэдсэн бөгөөд Москва хотын Улаан талбай дээгүүр Монгол-Түвд, Монгол-Сычуаний эрдэм шинжилгээний ангийг удирдаж байсан эрдэмтэн Петр Кузьмич Козлов, М.Ханддорж ван хоёр алхаж байгаа кинозураг, мөн Ленинградад байдаг Буддын сүмийн довжоон дээр манай Итгэл хамба, Чин Ван Ханддорж хоёр зэрэгцэн зогсож байгаа гэрэл зураг олсон нь түүхийн нэн чухал баримт болно. Цаашид Монгол оронд Итгэл хамбад холбогдох мэдээллийг эрэн сурвалжилж, ирээдүйд бидний хийхээр бэлдэж одоогоор баримт материал цуглуулж байгаа баримтат кинондоо оруулах зорилготой байгаад та бүхэн мөн анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна.
Өнгөрсөн долоон жилийн хугацаанд бидний тооцоолж байгаагаар таван сая орчим мөргөлчин Итгэл хамбад ирж мөргөсөн бөгөөд эдгээр мөргөлчинг хүлээн авах болон хамбад мөргөх үеэр илэрч буй, анхаарал татсан гурван содон, гайхамшигт зүйлийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Үүнд:

Нэгдүгээрт, манай хамба нэг ч үг хэлээгүй байхад дэлхий нийтээр түүнийг мэддэг болж таван сая орчим хүн мөргөөд байна.

Хоёрдугаар гайхамшиг нь гэвэл, ирж мөргөнө үү гэж хамба өөрөө хэлээгүй, Оросын Бурхны Шашинтны Дээд Холбоо ч зарлаагүй байхад нийтээр ирж мөргөн залбирч байна.

Гуравдугаарт, сүсэгтэн олон ирж залбирч мөргөж байхдаа юу ч ойлгохгүй, юу ч мэдэхгүй байгаа атлаа энэ хүнийг огт мартахааргүй болдог уг уулзалт өөрөө үнэхээр гайхамшиг юм. Яагаад гэвэл ердийн амьдралын жам ёсоор бол бидний хэн нь ч энэ хүнтэй уулзахааргүй, цаг мөчийн хувьд ийм зүйл тохиох ёсгүй билээ. Учир нь энэ хүн 157 жилийн өмнө төрсөн, насны хувьд, цаг хугацааны хувьд түүнтэй уулзах ямар ч боломжгүй атал ийнхүү уулзаж буй нь өөрөө хамгийн дээд гайхамшиг болж олны сэтгэлийг татаж  байгаа юм.

Буриад нутгаас алсад байдаг улс орнуудын сүсэгтнүүд эрдэнэт лагшинд мөргөж чадахгүй байгаадаа харамсахын зэрэгцээ бидэнд атаархаж  та нар эрдэнэт гэгээн лагшны дэргэд байж түүнээс байнга эрч хүч олж авах боломжтой байгаа нь юутай аз завшаантай хэрэг вэ гэцгээдэг. Итгэл хамбын тухай энэ яриагаа би манай бурхны шашинтны тэргүүн, хамба лам Дамба Аюшеевийн айлдсан “Итгэл хамба бол хүн төрөлхтний өнөө үеийн энэ их бэрхшээл зовлонг нимгэлэхийн төлөөсөнд амь биеэ ийм байдлаар өргөж, бурхны шашны их үйлсэд өөрийгөө зориулан, сүсэгтэн олон, амьд бүхний тусын тулд асар их зовлон туулж, бодийг хөтлөх ном уншсанаар мянга мянга, сая сая хүний ариун шүтээн болсон энэхүү эрдэнэт лагшинг бидэнд үлдээсэн юм” гэсэн үгээр төгсгөмөөр байна гэсэн юм.
Энд нэг зүйл тодруулахад, манайхны Итгэл хамба хэмээн сүслэн мөргөдөг энэхүү гэгээн хутагтын нэр Итгэлийн Дашдорж хамба бөгөөд монголчуудын нэр цээрлэх ёсоор их хүний нэрийг хэлэлгүй цээрлэж, эцгийнх нь нэрээр “Итгэлийн хөвгүүн” гэсэн нь буриад дуудлагаар “Итигэлэйн хөвүүн” болж энэ нь яваандаа Итгэл хамба гэгдэх болжээ.